30 May 2012

Аль замыг яаж засах нь тодорхойгүй байна

Нийслэлд энэ зун 114 тэрбумын хөрөнгө оруулалтаар чамгүй хэмжээний замыг засна гэж байсан ч тендер зарлагдаагүй, санхүүжилт нь орж ирээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдоод байна. “Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалт өрнөх учиртай. Ихэнх нь энэ олон жил дамнан үргэлжлэх томоохон ажлууд байгаа учраас цаашдаа үргэлжлээд явна. Харин энэ жил хийгдэх байсан Нарны замын зүүн хэсэг, Нарантуул захын урд уулзвараас Чулаан овооны уулзвар хүртэлх хоёр км авто замын шинэчлэлт, Дунд гол Үлйдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын арын 4 км зам, Сэлбийн хос гүүрийн ажилд хөрөнгө оруулалт нь орж ирээгүй байна” гэж Нийслэлийн авто замын газрын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Ганболд ярив.



Даландавхарын урдуурх замын ажил үргэлжилж байна

Өнгөрсөн жилээс эхлэн жил дамнан баригдаж байгаа Даландавхарын урдуурх замын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа ажээ. Ямар ч байсан төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно гэж мэргэжилтнүүд хэлж байсан юм. Энэхүү замыг бүтнээр хааж байгаад засварлаж байгаа, давхар хучилттай болгож байгаа болохоор эвдэрч хэмхэрнэ гэдэгт санаа зовохгүй байж болох гэнэ. Гэхдээ шороо ихтэй байдаг энэ газар засварын ажлаас болоод тоос их босч байгааг иргэд ярьж байсныг сануулъя. “Шороогоор шуурахаар үнэхээр хэцүү байдаг. Замын шороо бараг бүх айл руу ордог гэхэд хэтрүүлсэн болохгүй” гэж Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батбилэг ярив. Засварын ажил ямар ч байсан төлөвлөсөн хугацаандаа дуусах аж.

No comments:

Post a Comment